Хаяг:
МОНГОЛ УЛС, Улаанбаатар 13380
Баянзүрх дүүрэг, 1-р хороо
Нисора Цамхаг, 6 давхарт #601
Холбоо барих:
Утас: + 976 - 5002-3333
Факс: +976-11-458079
E-mail: info@mongolianlawfirm.com
ГЭР БҮЛ САЛАЛТ, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Хайртай бол хэзээ ч бүү сал. Та хоёр нөхөр нь архи ууж ирээд гэртээ агсам тавилаа, эсхүл нэгэндээ уурлаад муухай үг хэллээ гэсэн ялихгүй зүйлээс болоод салахаар шийдсэн юм биш биз. Салах гэж бүү яар, зүрхэн дээрээ гараа тавиад чагнаад үз. Чи үнэхээр л хайртай бол энэ бодлоо толгойноосоо хөөж гаргаад хайрттайгаа уулзаж ярилцах бололцоотой цагийг хүлээ. Удахгүй та хоёр учраа ойлголцож бүх юм сайхан болно гэдэгт итгэж байна.

Харин үнэхээр таарч тохирохгүй ч юмуу, аргагүй эрхэнд салахаар шийдсэн бол гэр бүлийн дундын эд хөрөнгөө шударгаар, нэр төртэйгээр хуваах чухал асуудал яах аргагүй гарч ирнэ. Хэдий сэтгэл санааны хувьд хэцүү байх боловч салах процессд ихэвчлэн гэр бүлийн эд хөрөнгө хуваах асуудал нь маргааны гол бай болдог. Хөрөнгө хуваах дүрэм нь хамтын амьдралын турш олж авсан бүх л төрлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах явдал билээ. Мэдээж энэ явдал олонх гэр бүлийн гишүүдийн дургүйцлийг хүргэж байдаг. Зөвхөн нөхөр эсвэл эхнэр нь хамаг хүчээ шавхан байж, цуглуулсан хөрөнгөө “түүнтэй” хуваалцана гэдэг бол шудрага бус мэт санагдана. Олон жилийн турш энэ тал дээр гомдолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр ирсэн. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр бол шударга бөгөөд эцсийнх байдгаас хойш яах билээ. Иймд танд хэрэг болох үүднээс шүүхээр шийдэгдсэн зарим тохиолдлуудыг та бүхэнд толилуулах болно.

 Салах хугацаа 

Ихэнх салах болсон гэр бүлүүд эд хөрөнгө хуваах процессийг аль болох хурдхан шийдвэрлэхийг хичээнэ. Мэдээж эхнэр, нөхөр ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, насан хүрээгүй хүүхэдгүй бол 30 хоногийн дотор дүүргийн /сумын/ гэр бүл хариуцсан хүн нь цуцладаг. Харин эд хөрөнгийн маргаантай, насанд хүрээгүй хүүхэдтэй бол заавал шүүхээр шийдүүлдэг учиртай юм шүү. Мэдээж тусдаа амьдраад удаагүй юмуу, эсхүл салах гэнэтийн шийдвэр гаргасан та хоёрыг эвлэрүүлэх гурав сарын шүүхээс өгдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз.

Эд хөрөнгийн маргаан байгаа тохиолдолд магадгүй та хоёрын аль нэг нь шүүхийн шийдвэрт гомдоод давж заалдах, хяналтын шатны шүүхээр гомдол гаргаад гүйгээд байвал эвлэрүүлэх хугацаанаас гадна дундажаар 4 – 5 сар болно байх шүү. Хэрвээ гомдоод гүйхгүй бол 2 сар хүрэхгүйн хугацаанд л та хоёрыг маргааныг шийдчих боломжтой.

Зарим гэр бүлийн харилцаа хэтэрхий муудснаас болж, хэн юу хийж байгааг ч тогтоох чадваргүй болсон байдаг. Эсвэл зарим хосууд бие биенээсээ эд хөрөнгөө нууж байсан явдал цөөнгүй тохиолддог билээ. Энэ тохиолдолд тухайн байдлаас шалтгааж салалтыг шийдвэрлэх хугацаа хэдэн сар жилээр ч үргэлжилж магадгүй. Гэхдээ зарим тохиолдолд асуудал эсрэгээрээ эргэх тохиолдол цөөнгүй билээ. Учир нь та гэр бүлийн хүнтэйгээ эд хөрөнгө хэрхэн хуваахаа тохиролцоод, хүүхдийн тэтгэмжийг саадгүй төлөхөөр гэрээ байгуулчихсан бол харин 7 хоногийн дотор асуудлаа шийдчих бүрэн боломтой.

Танд сонирхуулахад /шигтгээ/: С.Саранцэцэг гэдэг бүсгүй нэгэн залуутай үерхэж байгаад хамт амьдрахаар шийдэн удалгүй хүүхэдтэй болон гэр бүлээ батлуулжээ. Харин хэдэн жилийн дараа нөхөр нь нууц амрагтай болж эхнэрээ араар нь тавьж байв. Удалгүй С.Саранцэцэг нөхрийнхөө найзтай тааралдаж, нөхөр нь нууц амрагтаа лагерийн байшин болон машин авч өгснийг мэдээд нэн даруй шүүхэд хандаж, сайн өмгөөлөгч авсны ачаар шүүхийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар шийдүүлсэн байна. Харин тэдний маргааныг шийдвэрлэсэн шүүх хурал нь С.Саранцэцэгийг шүүхэд хандсанаас хойш 2 жилийн дараа болжээ. Хэдийгээр эхнэр нь гэр бүлийн эд хөрөнгийг бий болгоход оролцоо бага байсан ч нөхрийнх нь мөнгөөр түүний нууц амраг лагерийн байшин, машин авсан гэдгийг нотлох, нөхрийн нууц амрагтаа өгсөн мөнгө гэр бүлийн дундын хуримтлал мөн гэж шүүхээр шийдүүлэхэд өмгөөлөгч нь маш их хугацаа зарцуулсан байна. Ийнхүү С.Саранцэцэг салахдаа нөхрийнх нь нууц амрагтаа авч өгсөн хөрөнгөний гуравны хоёрыг авах болжээ. 

Хувааж болох, эс болох эд хөрөнгө 

Гэр бүл цуцлах процесс дох хувааж болох эд хөрөнгөд гэр бүлийн бүх эд хөрөнгө тэр чигээрээ орно, тодруулбал, орон сууц, хувийн эдлэн, лагерийн байшин, газрын эзэмшил, машин, өрөөний тавилга, үнэт цаас, нийтийн хөрөнгө оруулалт буюу хадгаламж гээд бүгд. Өнөөгийн зах зээлийн байдал эдгээр асуулт дээр боломжийн арга боловсруулсан гэхэд болно. Жишээлбэл, гэр бүлийн бизнес эрхэлж байсан бол тэрхүү байгууллагын хувьцааг тэгш хувааж мөн нийт ашиг орлогыг ч цаашдаа хувааж байх дүрэмтэй байдаг.

Бас нэг чухал асуудлын нэг бол эхнэр, нөхөр хоёр нэг гэрт орсны дараа ихэнх нөхрүүд эхнэрээ гэртээ хүүхдээ харуулж байлгахыг илүүд үздэг. Эхнэр нь хүүхүүдээ хараад гэр орны ажил зууралдсаар байтал нэг мэдэхэд хэдэн жил өнгөрдөг байна. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед гэр бүл ихээр салах болж, үүнээс үүдээд нөхрийн бий болгосон орон байр, эд хөрөнгө, машин тэргийг эхнэр нь нөхөртэйгээ хуваах болоод ирэхээр мэдээж нөхрүүд дургүйцээд ирдэг. Гэхдээ нөхөр нь намайг өдий хэмжээний хөрөнгө цуглуулахад эхнэр минь маш их тус болж ар гэрийг минь авч явж байсан шүү гэж бараг дурсдаггүй билээ. Ийм болохоор эхнэр нь нөхрийнхөө цуглуулсан эд хөрөнгөнөөс хувь хүртэх эрхтэй юм ш дээ.

Танд сонирхуулахад: Ц.Мөнхдэлгэр эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах хүсэлт шүүхэд гаргасан ба хүсэлтдээ БГД-ийн 19 хорооны ... байрны 3 өрөө байрыг би гэрлэхээсээ өмнө авсан. Тийм болохоор энэ бол үл хуваагдах эд хөрөнгө гэжээ. Харин эхнэр нь бид гэр бүл болсон цагаасаа хойш энэ байранд амьдарч нэг хүүхэдтэй болсон. Иймээс энэ орон сууц бидний дундын эд хөрөнгө гэжээ. Шүүхээс өөрийн хуваарьт эд хөрөнгөө гэр бүлийн амьдрах орон сууц болгосон тул хуваагдах эд хөрөнгө гэж шийдэн уг байрыг эхнэр, нөхөр, хүүхэд гуравт тэнцүү хувааж өгөхөөр шийджээ. Гэхдээ эхнэр нь нөхөртөө дээрх байрны үнийн зөрүүг төлж тухайн байрыг бүхэлд нь авч болох аж. 

Харин гэр бүл болохоос өмнө таны олж авсан эд хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бүхэлд нь буюу зарим хэсгийг шилжүүлээгүй бол тэр хувааж эс болох хөрөнгө болдог. Та энэ эд хөрөнгөө ашиглан бизнес эрхэлсэн ч гэсэн гэсэн бас л хувааж үл болох эд хөрөнгө хэвээрээ байна. Мөн таны өөрийн авъяас, чадварыг чинь үнэлсэн шагнал болон зохиогчийн шагналыг яах аргагүй хувааж үл болно. Хүмүүс бас нэг зүйл дээр маргадаг. Энэ бол танд зориулж эцэг эхээс чинь бэлэглэсэн лагерийн байшин, газрыг таны гэр бүлийн хүн чинь би бас хувь хүртэх ёстой гэдэг. Үнэндээ бол гэр бүлийн хэрэгцээнд зориулаагүй зөвхөн танд зориулан бэлэглэсэн эд хөрөнгийг хэн булаалцалдах эрхгүй юм. Хэрэв та өөрөө гэр бүлийн хэрэгцээд шилжүүлээгүй бол ш дээ.

Танд сонирхуулахад: Дээр дурьдсан Ц.Мөнхдэлгэр эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах хүсэлтдээ мөн би гэрлэхээсээ өмнө дүүтэйгээ нийлээд Мөнх ХХК-ийг байгуулсан. Энэ компанийг маань миний төрсөн дүү удирдан явуулдаг бөгөөд үүнээс би ногдол ашиг авдаг. Хэдийгээр бид гэр бүл болсноос хойш манай компани өөрийн өртгөөрөө дүрмийн сангаа нэмэгдүүлсэн, манай эхнэр энэ компани нягтлан байсан эсэхээс хамаарахгүйгээр энэ компани бол үл хуваагдах эд хөрөнгө гэжээ. Харин эхнэр нь би энэ компаний нягтлан байсан. Дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд нь их тус болсон тул манай нөхрийн мэдлийн хувьцаа нь гэр бүрийн хөрөнгө гэжээ. Шүүхээс эхнэр нь нөхрийнхөө компанид ажиллаж байхдаа цалин авдаг байсан нь компани дахь нөхрийн хувьцаанаас хүртэх эрхгүй гэж эхнэр хүүхдэд нь хуваахгүйгээр шийджээ.  

Хүүхэд хэний асрамжинд үлдэх вэ? 

Гэр бүл салах тохиолдолд ихэвчлэн эд хөрөнгийн маргаан гардагч хүүхдийг хэний асрамжинд үлдээх асуудал зайлшгүй гарч ирдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Ер нь бол хүүхдийг хэний асрамжинд үлдээхээ та хоёр шийдэж чадаагүй бол хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэж ихэнх тохиолдолд шүүх 7 хүртэлх настай хүүхдийг ээжийн асрамжинд өгдөг. Учир нь хүүхдийн хүмүүжил, анхаарал халамжийг бодсон ч гэсэн, түүнчлэн Монголын шүүгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг учир шүүх хүүхдийг ээжтэй хамт байлгахыг илүүд үздэг. Харин цөөхөн тохиолдолд эх нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хор аюул учруулахаар байвал аавынх нь асрамжинд үлдээдэг юм шүү.

Харин хүүхэд долоон нас хүрсэн бол хүүхдийн саналыг харгалзан шүүх хэний асрамжинд үлдээхийг шийддэг. Ингэхдээ мөн л дээрх нөхцөл байдлыг давхар харгалзан үзсний улмаас шийдвэрээ гаргадаг билээ. Мэдээж хүүхдийг хэний асрамжинд үлдээж байгаатай холбоотойгоор хүүхдийн тэтгэлгийн асуудал үүдэн гарах нь гарцаагүй. Гэхдээ хүүхдийн тэтгэлгийг сард 11 нас хүртэлх хүүхэд тус бүрээр тухайн бүс нутаг дах амжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-ээс дээш насны хүүхдэд 100 хувиар бодож тэтгэлэг гаргуулдаг.

Амжиргааны доод түвшинг ихэнх хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108000 төгрөгтэй андуурч ойлгоод байдаг. Энэ нь 108000 төгрөг биш, Улаанбаатар хотод одоогоор 94800 төгрөг байгаа. Харин энэ оны зун юмуу, намраас бага зэрэг өсч магадгүй. Учир нь жил бүр шинэчлэн тогтоодог ба энэ түвшин сүүлийн 10 жил байнга өсч байгаа юм. Зарим тохиолдолд хүүхэд хүндээр өвчилсөн, цэцэрлэг, сургууль орсон зэрэг онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж шүүхэд баталж чадвал дээрх төлбөрөөс гадна нэмэлт төлбөрийг хүүхдэд зориулж гаргуулж болдог билээ.

Танд сонирхуулахад: Б.Болд 2000 оноос нэгэн бүсгүйтэй үерхэж эхлэн 2003 гэр бүл болон дараа жил хөөрхөн охинтой болжээ. Мөн охиноо хоёр нас хүрэх үед дахин охинтой болсон боловч Б.Болд байнга архи уун, агсам тавьж эхнэр хүүхдүүдээ өвлийн хүйтэнд гэрээсээ хөөх, зодох зэргээр гэр бүлээ зовоож эхэлсэн аж. Харин эхнэр нь 2008 оны хавар нэгэн залуутай танилцаж түүнтэй гэр бүл болохоор тохиролцон гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдэдээ Б.Болдоос тэтгэлэг гаргуулах хүсэлт шүүхэд гарсан байна. Шүүх эхнэрийн хүсэлтийг хүлээн авч охидыг 11 нас хүртэл нь тус бүр сард амжиргааны доод түвшингийн 50, 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тус бүр сард 100, 100 хувиар бодож тэтгэлэг эцгээс нь гаргуулахаар болж, эхнэрийн хүсэлтйин дагуу нэг дор 20 орчим сая төгрөг олгуулахаар шийджээ. 

Нотлох баримтууд 

Нотлох баримтууд – гэр бүлийн салалтын явцад хамгийн чухал асуудлын нэг юм. Орчин үед салах явдал моод мэт болчихоод байхад харин эд хөрөнгийн маргаанийг хэрхэн шийдвэрлэх нь өмгөөлөгчдийн хувьд толгой өвчин болдог. Учир нь эхнэр, нөхрийн салах процесст найз нөхөд, танил тал оролцох дургүй тул энэ миний хөрөнгө, эсвэл бидний хамтын хөрөнгө гэдгийг нотлоход хамгийн бэрх. Ингэхийн тулд хоёр биенийхээ мөнгөн хадгаламжийг ил болгох, хэрэв та ханийнхаа дээр үед хувьчилж авсан байранд амьдарч байгаа бол хашаа байшингаа гэр бүлийн дундын хөрөнгө болгуулахыг тулд нотлох баримтаа бүрдүүлэх нь чухал. Эсрэгээр таны байранд гэр бүлийн чинь хүн амьдардаг бол энэ чинь миний хөрөнгө, бидний хамтын хөрөнгө биш гэдгээ бас батлах хэрэгтэй болно ш дээ.

Та амаараа энэ минийх, тэр чинийх, энэ биднийх гэхийнхээ оронд энэ бол ийм учраас миний хөрөнгө баримт нь энэ байна, аан харин тэр бол бидний хөрөнгө нотолгоо нь энэ байна гээд үзүүлж хариулах юмтай байж л ялалт байгуулдаг юм шүү. Тэрнээс сайхан ярьснаар та юу ч авч чадахгүй гэдгийг танд сануулмаар байна. Таны талд хангалттай олон гэрч байгаа бол харин ч сайн байх. Гэхдээ мэдээж гэрч худлаа ярих юм бол хүнд туслах гэсэн биш өөрөө эргээд эрүүгийн гэмт хэрэгтэн болох аюултайг анхаарах хэрэгтэй. Учир нь шүүхэд худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм. Ер нь бол та хэр сайн нотлох баримтаа цуглуулна ялалт тэр хэмжээгээр танд ойрхон байдаг шүү.

Танд сонирхуулахад: Э.Энхбаяр эхнэртэйгээ гэр бүл болон таван жилийн турш хамт амьдарч байгаа салах болсон байна. Хоёр жилд нь нөхрийнхөө эцэг эх дээр амьдарч, удалгүй эхнэрийн эмээгээс хоёр өрөө байр өв залгамжлан ирсэн аж. Байрыг шинээр тохижуулж засвар хийлгэхийн тулд нөхөр өөрийн лагерийн байшингаа зарж байрыг өөрчлөн шинэчилжээ. Харин гэр бүл салах дээрээ ирэхэд уг байр маргааны гол бай болоод байв. Гэвч шүүхийн шийдвэрээр байрыг эхнэр нөхөр хоёрт тэнцүү хувааж өгсөн аж. Хэдий байр дангаараа эхнэрийн эзэмшил байсан боловч, Э.Энхбаяр гол нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ шүүхэд хангалттай нотолсны хүчээр ийнхүү шийдвэрт хүрсэн байна. 

Шударга хуваарилалт 

Эцэст нь хэлэхэд бүхнийг шударгаар хуваах явдал нь тийм амар зүйл биш билээ. Ялангуяа үр хүүхэдтэй гэр бүлийн эхнэрүүд ихэнх хөрөнгийг өөр дээрээ авах буюу хүүхдээ тэжээх гол эх сурвалж болдог аж. Эд хөрөнгийн хуваах асуудал зөвхөн гэр бүлийн хоёр гишүүнд оногдох буюу өөр гуравдагч этгээд үүнд огт хамаагүй. Зарим гэр бүлүүд эртнээс салах магадлалыг тооцоолон, ихээхэн хөрөнгийг нууцаар найз нөхөд эсвэл эцэг эх, ах дүүсдээ шилжүүлдэг. Тухайлбал, нөхөр нь эхнэрээсээ нууцаар эцэг эхийнхээ аль нэгний нэр дээр байр авч бусдад хөлслүүлөх юмуу, нууц амрагаа байлгах тохиолдол цөөнгүй. Мөн ах дүүгийнхээ нэр дээр газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдан аваад нуучих явдал их. Харин энэ явдлыг илрүүлэн эхнэрт шударгаар хуваарилуулах бас төвөгтэй. Дээр дурьдсанчлан гэр бүлийн хөрөнгөөр авсан гэдгийг нотлох л чухал. Ингэж байж л шударга хуваарилалт явагдана. 

Р.Батрагчаа

LL.M, Английн хуульчдын холбооны гишүүн

 /Uptown сэтгүүлийн 2009 оны 2 дугаар сарын дугаарт хэвлэгдсэн/

MG LAWYERS © 2018